2011-3-29
Компьютертэй хэрхэн харьцах вэ?

Компьютертэй хэрхэн харьцах вэ?

Компьютер нь ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, цаг хугацаа, орон зайн саадыг арилгахад нэмэр болох хэрэгсэл боловч түүнийг ашиглахад гарах зардлыг аль болохоор багасгахыг эрмэлзэх шаардлагатай. Үүний нэг хэлбэр нь компьютер, түүний дагалдах төхөөрөмжүүдийг ариг гамтай буюу, дагалдах баримт бичигт нь заасан нөхцлийг бүрдүүлэн хэрэглэх явдал юм.

Компьютер нь дисплей, гар, процессорын хайрцаг, моус, хэвлэгч, модем, чанга яригч, микрофон, видео камер, жойстик зэрэг наад захын, цаашилбал бидний мэдэх бүх төрлийн ахуй (индүү, зуух, дохиоллын хэрэгслүүд, камер, зурагт, дуу болон дүрс бичгийн хэрэгслүүд гм)-н болон үйлдвэрлэлийн хэрэгсэл,  төхөөрөмжүүд (датчикууд, угсрах шугам, цахилгаан, дулааны удирдлага, станокууд гм)-тэй тэдгээрийн хаана байгаагаас нь үл хамааран(хажууд, алс зайд гм) иж бүрдэл болон ажилладаг юм. Практикаас харахад тэдгээрийг ашиглахдаа  ус, чийг, халалт, хөрөлт, доргио, тоосноос хэр зэрэг хамгаалнав, төдийчинээн найдвартай ажилладаг ажээ.

Мөн компьютерт ажлын байрны ашигтай зайгаа ихээр эзлүүлэх шаардлагагүй юм. Хэвтээ процессортой бол дисплейг дээр нь, босоо бол ширээний хажууд процессор тогтоогч хийж байрлуулбал зай хэмнэх ач холбогдолтой. Процессор тогтоогчийг нийлэг, төмөр болон бусад  утсаар ганзагалах хэлбэрээр хийж болохын зэрэгцээ, мод, төмрөөр тавиур хэлбэртэйгээр хийж болно.

Дисплей
Энэ нь хар  цагаан, өнгөт(EGA, VGA. SVGA гм)[2] зэргээр  ялгаатай байдаг. Хэлбэр нь ердийн(CRT), LCD (жижиг төхөөрөмж, сүүлийн үеийн зарим компьютерт ашиглаж эхэлж буй) гм ялгагдана. Эдгээрийн тоос татдаг шалтгаан нь ЭТХ[3]  25 000-30 000 В-ийн өндөр хүчдэлээр   ажилладагт оршно. Өндөр хүчдэл соронзон орон үүсгэж тоос(тоосонд төмөр их хэмжээгээр агуулагддаг)-ны ширхгийг татдаг юм. Тоос тогтсон нь шинэ дисплейг дөнгөж 2-3 сар ашигласны дараа хажуу талаар нь буюу, дисплейн гадна  босоо байрлалтайгаар хар судал үүсч эхэлснээр  илэрдэг. Түүнээс гадна, дэлгэц тоосонд дарагдвал дүрс бүдгэрч, хараанд муугаар нөлөөлөх явдал байдаг тул дэлгэцээ байнга арчиж байх хэрэгтэй. Арчихдаа, дисплейгээ унтрааж, савантай, чийгтэй алчуураар арчина. Алчуур их нойтон байх хэрэггүй. Нойтон байвал ус завсраар дотогш нэвтэрч электроникийг гэмтээдэг.

Ажлын бус цагаар дисплейг бүтээж  байх нь тоос нэвтрэлтийг эрс багасгана. Гэхдээ машинаа ажиллуулж байх үед бүтээлгийг нь заавал авсан байх шаардлагатай, эсрэг тохиолдолд халалт үүсч, гэмтэх магадлал их. Дисплей гэмтвэл засрах тохиолдол тун бага. Бүтээлэг нь ус нэвтрүүлэхгүй байвал бүр сайн боловч, энэ нь борооны ус орж болзошгүй,  цонхонд ойр ширээнд машинаа байрлуулдаггүй бол онц чухал бус. Дисплейн процессортой залгасан кабелийн залгуурыг 2 эргийг нь ашиглан чангалж байх нь зүйтэй.

Гар
Гар нь залгуураасаа хамаарч PS/2(нарийн залгууртай), PC, USB,  гэсэн үндсэн 3 төрөл байдаг. Тэдгээр нь утсаар эсвэл радио долгионоор процессортойгоо холбогддог байж болно. Товчлуурын тооноос хамаарч 101, 104 товчтой болон бүр олон товчтой болсноор интернет, мультимедиагийн гэх зэргээр ялгагддаг. Нэмэлт хувиргагч залгаад PS/2, PC-ийн алийг нь ч нөгөөгөөр нь орлуулан ашиглаж болно. Машин асаачихаад гар ашиглаж байх үедээ тамхи татах, шингэн зүйл уух, үйрч болох хүнс байнга хэрэглэх нь гарыг гэмтээх талтай. Ялангуяа шингэн зүйл санамсаргүй асгасны дараа гар ажиллахаа больчихлоо гэдэг дуудлага тун олон байдаг. Гар дээр унасан талхны үйрмэг, чавганы яс зэрэг нь товчлуурын доогуур орж тээглэн зарим товч дарагдахгүй болсноос хүч хэрэглэн товчоо дарж механик гэмтэл учруулах явдал ч гардаг.  Гарыг бүтээж байх нь нэн ашигтай. Түүнээс гадна гарыг 7 хоногт нэг удаа товчоор нь уруу нь харуулж сэгсэрч байх нь зүйтэй.

Гаднын байгууллагын хүмүүс, ер нь хэнд ч гэсэн гарын товчуудаа халтартуулсан байж харагдах нь таны тухай эвгүй сэтгэгдэл төрүүлж болно. Зарим мэргэжилтнүүдийн гарын товчууд хиртэй, тэр нь нэлээд зузаарсан харагддаг нь зөвхөн тэр хүний нэр төрийн хэрэг биш юм. Товчоор халдварт өвчин дамжих тохиолдол багагүй байдаг гэдэг тул цэвэрхэн байлгах, арчиж, бүр ариутгаж  байх нь зүйтэй. Цэвэрлэхдээ товчоор нь уруу нь харуулж, савантай бүлээн усанд норгосон алчуур, багсаар цэвэрлэнэ. Гарыг нойтон цэвэрлэгээ хийсний дараа хатаах, удаан хугацаагаар хадгалахдаа товчоор нь уруу  нь харуулж байрлуулвал тоос, уснаас тодорхой хэмээгээр хамгаалагдаж хэвийн ажиллагаатай хэвээр байх магадлал өндөртэй.

Монгол үсгийг товч дээр нь шууд бус, урд хажууд нь наах нь үзэмжтэй, хөдөлмөрийн бүтээмжид сайн нөлөөтэйн зэрэгцээ цэвэрлэхэд хялбар, ариун цэврийн шаардлагад нийцсэн байдаг. Чухамдаа гэвэл цаас нааснаас урд талд нь бичих нь дээр байдаг. Биччихээд лакдвал цэвэрхэн, удаан эдэлгээтэй байна.

Гарын нэлээд гэмтдэг товчууд нь 10-аад жилийн урьд бол тоглоом тоглоход ашиглагддаг байсан сумтай товчууд байв. Одоо үед тоглоомын удирдлага хулганад шилжсэн боловч, санхүүгийн ажилтнуудын компьютерийн тоон товчууд ялангуяа 0, 1, enter өндөр давтамжтай гэмтдэг юм. Гэмтэл нь товчийг 1 удаа дарсаар атал тоо олноор шивэгдэх, гарахгүй байх гм-ээр илэрдэг. Энэ тохиолдолд гарыг задалж, дээр байдаг, гэхдээ ховор хэрэглэгддэг функцийн товчуудаас сугалж авч орлуулбал (товчны дээд талын үсэг, тоо бүхий хэсэг нь гэмтдэггүй, цаана нь байгаа бусад товчуудад яг адилхан байдаг контакт гэмтдэг) дахиж гар авах зардал хэмнэх талтай. Зарим гарын товч, түүний дотор лаптопийнхийг солих аргагүй. Гар нэлээд хямдарсан (урьд 50 гаруй ам долларын үнэтэй байсан билээ) тул компьютертэй удаан хугацаагаар харьцах ажилтан, согогтой гартай ажиллаж алдаа гаргах магадлал өндөртэй байх шаардлага үгүй, шинийг сонгож авах нь зүйд нийцнэ. Өнөөдрийн байдлаар гар дунджаар 5 ам доллар байна.

Процессорын хайрцаг
Процессорын хайрцагт  анхаарал тавиад байх зүйл үгүй, хамгаалагдсан, эвдрэхээргүй  төмөр хайрцаг гэмээр боловч, энэ нь тун эмзэг эд анги юм.  Тухайлбал:

· Сэнс
Сэнс ажиллаж байгаа эсэхэд анхаарал тавьж байх нь тустай. Сэнс ажиллахаа больж дуу гарахаа больсон бол дулааны дэглэм алдагдаж процессор гэмтэх дөхөж буйн дохио. Сэнс нь тэжээлийн блок дотор, мөн эх хавтан дээр нийт 2ш байдаг, сүүлийн үед хайрцагт нь хүртэл нэмэлт сэнсүүд байдаг. Хуучин компьютерүүдийн сэнс олон жилийн тоос, шорооноос болж ажиллахаа больж  байгаа нь ажиглагдсан тул үүнийг шалгаж байх хэрэгтэй.

Эх хавтангийн CPU-д бэхэлсэн байдаг сэнс ажиллахаа болих явдал нэлээд гардаг. Энэ сэнс гацаж эхэлбэл компьютерийн ажиллагаа доголдож эхэлнэ. Дор хаяж гацах, удирдлагагүй болох тохиолдол их. Энэ нь маш хортой үр дагавартай. CPU-ийн сэнсийг, компьютер гацаад эхэлбэл, байнга шалгаж байх хэрэгтэй. Ажиллахаа болихын өмнө сэнс дуу ихтэй болдог. Сэнс ажиллахаа больсон байвал задалж цэвэрлэн тослоод буцааж угсарвал хэсэг хугацаанд боломжийн ажиллана.

· Ар талын залгуурууд
Процессорын хайрцгаас модем, хэвлэгч, дисплей, гар, моус, чанга яригч руу цөөнгүй утас явсан байдаг тул тэдгээрийн бүрэн бүтэн байдал, бэхэлгээнд анхаарал тавих нь машины найдвартай ажиллагааг дээшлүүлэхэд нөлөөлнө. Хэвлэгчийг хэд, хэдэн хэрэглэгч дундаа зөөж хэрэглэдгээс хэвлэгчийн кабелийг процессорт бэхлэх (процессор талын) эрэг суларсаар дотогш унаж алга болсноос болж залгуурын коннектор нь  цаашаа уначихсан, ингэснээр хэвлэгчээ ажиллуулах аргагүй болсон тохиолдол цөөнгүй гардаг. Энэ тохиолдолд процессорыг задалж дотор нь унасан байж болох эргийг заавал олж, байранд нь бэхлэх хэрэгтэй. Эрэг дотор нь сул байвал богино холболт үүсч, компьютерийг гэмтээх магадлал их. Хэвлэгч, дисплей, модем зэргийн кабелийг процессорт залгахын өмнө процессор талын эргүүдийг чангалах шаардлагатай байдаг. Заводын тохируулга хэт сул байдаг нь олон жилийн ажиглалтаар батлагдсан. Тэдгээрийг чангалах багаж тэр бүр хэрэглэгчдэд байдаггүй, гэхдээ бахь ашиглан чангалж болно. Наад талын эргийг суллахад цаагуураа суларчихгүй байхаар чангалахад хүрэлцээтэй.

· Байрлал
Босоо байрлалтай процессоруудыг зарим хэрэглэгч ширээнийхээ хажууд шалан дээр байрлуулсан байдаг нь тоос, шороонд ширээн  дээр байснаас илүү ихээр нэрвэгдэнэ гэсэн үг. Тоос шороо процессорын хайрцагт орсноор, бас дотор талын кабелиудыг зохих ёсоор бэхлээгүйгээс сэнсний хөдөлгөөнд саад болж сэнс эвдрэх үзэгдэл гардаг ба микросхемүүдийг тоосон үе бүрхэж хөргөлт нөлөөлөхгүй болж, найдваргүй ажиллах, цаашилбал процессорын чип бүрмөсөн гэмтэх зэрэг үзэгдэл гардаг. Процессорын хайрцагт хатуу диск байдаг тул зөөх, хөдөлгөхөд хүчтэй доргио  үүсгэхгүйгээр нямбай хандах хэрэгтэй. Хатуу дискийг доргиохгүй байх шаардлага нь дискийг ажиллуулаагүй үед ч, толгой нь мэдээлэл бүхий гадарга дээрээ байж байдагтай холбоотой. Доргиовол толгой гадаргаа шүргэж механик гэмтэл үүсгэнэ. Технологи сайжирснаар гадарга толгой хоёрын хоорондын зай улам багассаныг тооцох хэрэгтэй.

 
Бичсэн: zulaa | цаг: 07:50 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 272 удаа уншигдсан.
idiomatic-dormant